2018 оны 08 сарын 22-ны өдөр      Дугаар А/269              Улаанбаатар хот

 

Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс

урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 39 дүгээр зүйлийн 39.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.5.8, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/720 дугаар “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос сэргийлэх зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Яармаг, Нисэх-Био комбинат чиглэлийн авто тээврийг шалган бүртгэх товчоон дээр 24 цагаа хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийг тус тус зохион байгуулж ажиллуулахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Н.Хангарьд/-т тус тус даалгасугай.
  2. Дээрх хугацаанд цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийг дүүргийн нутаг дэвсгэрт дэх баталгаат бус замуудад зохион байгуулан ажиллуулахыг Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т үүрэг болгосугай.
  3. Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгийн бэлэн байдлыг ханган болзошгүй өвчний голомтод ажиллах хүн хүч, тусгаарлах эмчлэх байр, оношлогоо эмчилгээнд шаардагдах техник, хамгаалах хувцас хэрэгсэл, эм тарианы нөөцийг бүрдүүлж, сэргэлт явуулж бэлэн байдлыг дээшлүүлэх, эрсдэлтэй ажил гүйцэтгэдэг мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажил зохион байгуулахыг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/, Нэгдсэн эмнэлэг /Б.Бааст/ нарт тус тус даалгасугай.
  4. Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд шаардагдах 823,830 /найман зуун хорин гурван мянга найман зуун гучин мянга/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/ нарт зөвшөөрсүгэй.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг нэгдүгээр хавсралтаар, зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  6. Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд сэрэмжлүүлж сурталчилан ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Ч.Бат-Оргил/-т даалгасугай.
  7. Энэ захирамжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, шаардлагатай арга хэмжээ авч, шалгалт явуулсан дүн мэдээг нэгтгэн танилцуулж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

,

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

793
0
72096
4137917

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc