2019 оны 04 сарын 10-ны өдөр      Дугаар А/117              Улаанбаатар хот

 

Гахайн Африкийн мялзан өвчнөөр өвчилсөн

гахайг устгах ажлыг зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /а/, 29.1.5 /в/, 29.2 дахь хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 15 дугаар зүйлийн 15.5, 15.6, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.2.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 64 дүгээр тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/52 дугаар тушаал, дүүргийн Онцгой комиссын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Өлзийт” хорооллын “Барилгачид”-ын 2 дугаар гудамжийн 27 тоотод оршин суугч иргэн Б.Бат-Эрдэнийн гахайн аж ахуйд гоц халдварт “Гахайн Африкийн мялзан” өвчин илэрсэн болох нь Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19-966 дугаар шинжилгээний хариугаар тогтоогдсон тул голомтод байгаа гахайг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөрт багтаан устгах ажлыг зохион байгуулсугай. 

2. Устгах ажлыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, батлагдсан зардал  5.606.000 /таван сая зургаан зуун зургаан мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гүйцэтгэлээр гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

3.  Устгалын ажлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/93 дугаар тушаал, зааврын дагуу зохион байгуулахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/, нийслэлийн Мал эмнэлгийн газрын Хан-Уул дүүрэг дэх Мал эмнэлгийн тасаг /Э.Хасбаатар/, Мал эмнэлэг үржлийн “Ганган буга” ХХК /Ч.Оюун/, устгалын явцад хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

4. Голомт, устгалын цэгт албан үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, байнгын хяналтад авч шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхийг Нэгдсэн эмнэлгийн дарга /Д.Бааст/, устгалын явцад галт зэвсэгтэй харьцах аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх, хэв журам сахиулж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Н.Батбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

5. Устгасан гахайн тоо толгой, үүлдэр угсаа, нас хүйсийг нэг бүрчлэн үнэн зөв тодорхойлж, халдварын голомт болон устгалын цэгт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг нийслэлийн Мал эмнэлгийн газрын Хан-Уул дүүрэг дэх Мал эмнэлгийн тасаг /Э.Хасбаатар/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/, Мал эмнэлэг үржлийн “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д тус тус үүрэг болгосугай.

6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1371
3501
75901
4141722

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc