2020 оны 02 сарын 18-ны өдөр      Дугаар А/88                Улаанбаатар хот

 

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч

хэрэгжүүлэх зарим арга хэмжээний  тухай

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”, ”б”, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 39, 62 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 04 дүгээр тушаал, Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 318 дугаар тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын журам”-ын 2.1.1, 3.1, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 дүгээр захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан дээд шатны байгууллага, албан тушаалтнуудын шийдвэрийг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх зорилгоор “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийг нэгдүгээр, “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагын  дарга, захирал нарт үүрэг болгосугай.

            2.1. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж, төлөвлөгөө, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж, халдварт өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нарт;

2.2. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн хариуцлагатай эргүүл жижүүр томилон ажиллуулахыг хэлтэс албад, хороодын Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт;

            2.3. Байгууллагын өрөө тасалгаа, ажилтан албан хаагчдын ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийлгэх, амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байхыг бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал нарт

            2.4. Сүм хийд, шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйл, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар /хурандаа Д.Манлайбаатар/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/ нарт

            2.5. Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, Богдхан Уулын амууд, Хийморийн овоонд иргэд цуглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар /хурандаа Д.Манлайбаатар/, Замын цагдаагийн хэлтэс /дэд хурандаа Н.Хангарьд/ нарт;

            2.6. Томуу, томуу төст өвчний тархалт, шинэ коронавирусийн халдвар, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг иргэд олон нийтэд хүргэх, бодит үнэн зөв мэдээллээр хангаж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Н.Буянхишиг/-т;

            2.7. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тухай бүр танилцуулж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа В.Батсайхан/-т;

            2.8. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг тухай бүр Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т зөвшөөрсүгэй.

            2.9. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

263
15910
124046
6925163

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc