Түүхэн замнал

АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗАРЛИГ

1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр      дугаар 79      Улаанбаатар хот

Улаанбаатар хотод засаг захиргааны район байгуулах тухай

Нийслэл Улаанбаатар хотын аж ахуйн соёлын байгуулалтын өсөлт хөгжлийн шаардлагыг харгалзан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс тогтоох нь: 
1. Нийслэл Улаанбаатар хотын АДХ-ын харъяа Ажилчин, Найрамдал, Амгалан, Зүүн сэлбэ, Сүхбаатар, Хоршоолол, Чингэлтэй, Толгойт, Октябрь, Төмөр замын хороодыг татан буулгаж Сүхбаатар, Октябрь, Ажилчин, Найрамдлын район байгуулсугай. 
2. Нийслэл Улаанбаатар хотын районы АДХ-ын сонгуулийг орон нутгийн хурлын 78 дахь удаагийн сонгуультай хамтатган явуулсугай. 

БНМАУ-ын Ардын Их Хурлын 
Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу 

БНМАУ-ын Ардын Их Хурлын 
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТОЙМ

   Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг 1639 оны шарагчин туулай жил Монголын шарын шашны “Өндөр гэгээн” хэмээн өргөмжилж түүнд зориулан одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг”Ширээт цагаан нуур” хэмээх газарт Шар бөсийн орд барьж суулгаснаар Их Хүрээ буюу одоогийн нийслэл Улаанбаатар хотын үндэс суурь тавигдсан түүхтэй билээ. Хүрээ нь ийнхүү 1639-1672 онд Ширээ цагаан нуурт суурьшиж байгаад 1672-1686 онд Архангай аймгийн Өгий нуур сумын нутаг”Улаан худаг” –т суурьшиж байх үед Галдан Бошигтын түрэмгийлэлд өртөж тэндээсээ нүүж одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хийдийн сарьдаг “ гэдэг газарт суурьшсан байна. Хүн очихын аргагүй битүү шугуйтай энэ газарт 2 жил орчим болжээ. Үүний дараа Өвөр-Монголын Нутаг Долнуурт арваад жил суурьшиж байсан судалгаа бий юм. 

    Өмнийг тэтгэгч-цагаан лавай буюу Дүнжингарав хэмээх Богдхан уул нь дэлхийн ууган дархан газрын нэг бөгөөд Монгол туургатныг нэгтгэж эхлэхээс өмнө буюу 1200-аад оны үеэс ард түмний дунд дархлагдан хамгаалж ирсэн 700 гаруй жилийн түүхтэй юм. 1720 оноос Их хүрээний ойр хавь газар, түүний дотор Богд ууланд ан гөрөө хийхийг хатуу хориглож ирсэн байна. Хан уулын ар хормой, Хатан туулын хөндийд Өргөө буюу Их Хүрээг байгуулсан тэр цагаас Богд хан хэмээн өргөмжлөн нэрлэх болжээ.Үүнээс өмнө нь Хан Хайрхан хэмээн нэрлэж байсан нь түүхийн баримт бичигт үлджээ. 

    БНМАУ- ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж 10 хороо захиргаа байсныг татан буулгаж Сүхбаатар, Октябрь,Найрамдал, Ажилчин, Налайх гэсэн 5 районы байгуулж Районы Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаа гэж нэрлэжээ. 1977 онд Нийслэл хотын хэмжээнд байсан 100 гаруй ОСГ- ны хороодыг цөөрүүлж 98 хороотой болгож хороодын дарга нарыг орон тооны болгон ажиллуулсан нь засаг захиргааны анхан шатны нэгж болсон хороодыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлээд зогсоогүй байнгын удирдлагатай болгож төрийн ажил үүргийг тогтвортой гүйцэтгэх бололцоогоор хангасан байна. Энэ үед Ажилчны районы хэмжээнд ОСГ-ны 20 хороо байсныг 16 хороо болгон зохион байгуулсан юм. 

    Монгол улсын Шинэ үндсэн хуулийг Улсын Их Хурлаар 1992 оны 1 дүгээр сард баталснаар Монгол улсын нийслэл, аймаг, дүүрэг, сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор болон хөгжих хууль,эрх зүйн үндэстэй болсон. Энэхүү Шинэ үндсэн хуулийн дагуу Монгол улсын Засаг захиргаа, нутагдэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульбатлагдаж 1992 оны 9 дүгээр сард Нийслэл Улаанбаатар хотын районуудын засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж шинэ бүтэц, зохион байгуулалт бүхий дүүргүүдийг байгуулсан байна.Ийнхүү Ажилчины район нь үндсэндээ 2 дүүрэг болсон бөгөөд Хан-Уул дүүрэг 12 хороотой, Туул дүүрэг нь 2 хороотой тус тус байгуулагдсан байна. 

    Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 1992 оны 9 дүгээр сарын 18- ны өдөр хуралдаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн даргаар А.Цанжидыг, нарийн бичгийн даргаар И.Лхамсүрэнг, тэргүүлэгчдээр А.Цанжид, И.Лхамсүрэн, Д.Батгомбо, Н.Мягмар, Ц.Энхээ, Н.Цэдэв, М.Шийдорж нарыг сонгож баталжээ.Мөн дүүргийн Засаг даргаар Т.Билэгтийн нэрийг дэвшүүлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилон ажиллуулсан юм. 

    1995оны 2 дугаар сард Нийслэлийн Гачуурт, Жаргалант, Туул дүүргийг татан буулгаж Туул дүүргийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо болгон Тосгоны зохион байгуулалтаар ажиллуулах болсон байна. 

Ажилчины районы АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга нар:

1.Б.Цэвэгдорж 1965-1972 онд 
2.Г.Цэдэвдорж 1972-1975 онд 
3.Л.Ойдовсамбуу 1975-1992 онд 

Хан-Уул дүүргийн Засаг дарга нар:

4.Т.Билэгт 1992-1995 онд 
5.Ц.Батнасан 1995-2000 онд 
6.Д.Загджав 2000-2008 онд 
7.Д.Занданбат 2008 оны 09 дүгээр сараас 2008.12 сар хүртэлх хугацаанд 
8.Ж.Ганхуяг 2008-2016
9. Ж.Алдаржавхлан 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэл 















Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2870
31234
108673
929341

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc