“Нийслэлийн хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо”-оор Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо тодорлоо

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас есөн дүүргийн ГБХЗХХ-тэй хамтран тогтмол, үр дүнтэй хамтран ажиллаж, гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархлыг хүртэж чадсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг үнэлж урамшуулан, тэдэнд улам ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч өгөх, хүндэтгэл үзүүлэх зорилготой “Нийслэлийн хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

“Нийслэлийн хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо”-оор Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо тодорч, шагналыг хорооны Засаг дарга А.Сүххишиг гардан авлаа.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо нь 1864 өрх, 6796 хүн амтай. 2018 онд хүүхэд, гэр бүл, залуучууд руу хандсан олон бүтээлч ажлыг санаачлан хийсэн байна.

Ялангуяа хорооныхоо зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж тогтмол сайн үйлсийн аян зохион байгуулж ирсэн.
Тухайлбал зорилтот бүлгийн 100 өрхийн хүүхдүүдийг сонгож шаардлагатай хувцас хэрэглэл, хоол хүнсээр ханган, хууль эрх зүйн зөвлөгөөг эцэг эхчүүдэд өгч, шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Мөн зорилтот бүлгийн өрх толгойлсон 8 эхчүүдэд иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр өгч, өөрийн гэсэн орох оронтой болгосон. 


Түүнчлэн хорооны хуучин байрыг засварлаж, шинэчлэн “Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв”-тэй болсон байгаа. Тус төвөөр хорооны хүүхэд, залуучууд интернетэд үнэгүй орж шаардлагатай мэдээ мэдээллээр хангагдан, тогтсон хуваарьтай өдөр мэргэжлийн багш, аргазүйч, сэтгэлзүйч нараас зөвлөгөө авч, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, залуучуудыг хамтарсан баг руу холбон зуучлах ажлыг хорооноос зохион байгуулдаг.

Үүнээс гадна 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишигийн санаачлагаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Тереза” ахмадын халамжийн төвтэй хамтран тус хорооны хогийн цэг, гуу жалга байсан газрыг засаж тохижуулан ногоон байгууламж бүхий эко тоглоомын талбай бий болгосон гээд олон бүтээлч ажлыг санаачлан хийж, 2018 оны хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо шагналын эзэн боллоо.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

312
0
72577
4385951

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc