Эко дүүрэг болох зорилт дэвшүүлсэн Хан-Уулынхан 10 мянган мод тарьлаа

Өнөөдөр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиож байна. Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний байгууллагын гадна орчны ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлэн  хүрээлэн буй орчноо хамгаалах, иргэдийн ая тухтай эрүүл орчин нөхцлийг бүрдүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо идэвх санаачилгыг дэмжин, үе шаттайгаар жил бүр үндэсний мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.

Энэ өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн үйл ажиллагааг 06 дугаар хорооны Хан-Уул Эрүүл Мэндийн Төвийн Яармаг салбарын гадна талайд үйл ажиллагааг эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил болон хэлтэс, албадын дарга нар албан хаагчид оролцлоо.

Тус үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид, иргэд, аж  ахуйн нэгж, байгууллага, Сургууль,  Цэцэрлэг, Сууц Өмчлөгчдийн Холбоод “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж Хан-Уул дүүрэгт 10 мянган мод, бут сөөг тарьлаа.

Хан-Уул дүүргийн хэмжээнд 2017-2018 онд шинээр 2 цэцэрлэгт хүрээлэн байгуулж 192000 ширхэг бут сөөг, 2325 ширхэг шилмүүст мод шинээр тарьж ургуулан арчлалт хамгаалалтыг хийж, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг  2 дахин нэмэгдсэн  байна. Энэ онд дүүргийн хэмжээнд Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулан 29 цэцэрлэг, 16 хороо, хоёр эмнэлгийн гадна орчныг зүлэгжүүлж, ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ товч тодруулга өглөө. “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, “ЭКО ДҮҮРЭГ” болохоор шат дараатай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, Энэ зорилтынхоо хүрээнд “Бүх нийтээр мод тарих” өдрийг тохиолдуулан, манай дүүргийн төрийн захиргааны байгууллагууд, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлий ААН-үүд, оршин суугчид хамтран дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр 10000 ширхэг мод, бут сөөг тарьлаа. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн  эзэмшлийн зам талбай, орон сууцны ногоон байгууламжийн талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн гадна талбай, шороон хөрс бүхий л газрыг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Цаашид олон нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлж, тарьсан модоо ургуулах, амьдрах хувийг нь нэмэгдүүлэх, арчлан хамгаалах мэдлэг чадварыг түгээн мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалж ажиллана” хэмээлээ. 

Иймээс Иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж, байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ойн сантай болгохыг та бүхэндээ уриалж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар




Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4250
21242
109314
4025393

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc