НАРКОЛОГИЙН ЭМНЭЛЭГ, ХУД-ИЙН II ХОРООТОЙ ХАМТРАН “ЭРҮҮЛ ИРГЭН, АРХИДАЛТГҮЙ ЭРҮҮЛ ХОРОО”-Г БИЙ БОЛГОНО...

НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг, Хан-уул дүүргийн II хороотой хамтран Хан-Уул дүүргийн II, XII хорооны ажилтан, ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд Наркологийн эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Ажлаа танилцуулах өдөрлөг”-ийг энэ сарын 14-нд зохион байгууллаа. 


Өдөрлөгийн үеэр эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийж, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Энэ хүрээнд ХУД-ийн II хорооны Засаг дарга, Наркологийн эмнэлгийн дарга, Хан-Уул эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч болон ӨЭМТ-ийн дарга нарын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, дараах санал дүгнэлтийг гаргажээ. Үүнд:
1. “Эрүүл иргэн, архидалтгүй эрүүл хороо” болгох зорилт дэвшүүлэн жилийн турш хамтран ажиллаж, үр дүнг тооцох
2. Наркологийн эмнэлэг нь үйл ажиллагааны дагуу мэргэжил арга зүйгээр хангах, тус хороодын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх
3. Дүүргийн ЭМТ-ийн Наркологийн кабинеттай хамтран ажиллах, хяналтыг тогтвортой болгож үр дүнг тооцох
4. “Эрүүл архидалтгүй хороо”-г бий болгох, архины хамааралтай иргэдийн судалгаа, бүртгэлийг гаргаж, нийгэм халамжийн тусламж дэмжлэгийг үзүүлэх ажлыг хорооны удирдлага зохион байгуулах
5. Хууль хяналтын байгууллагаас архины албадан эмчилгээнд явуулсан иргэдийг мэргэжлийн эмчийн хяналтанд оруулах, хамтран хяналт тавих гэх мэт.

Түүнчлэн Наркологийн эмнэлгийн зүгээс “Эрүүл иргэн, архидалтгүй эрүүл хороо” бий болгох ажлын хүрээнд ХУД-ийн II дугаар хороотой хамтран 2019 онд архины асуудалтай, өөрийн хүсэлтээр хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй, мөн архины хамааралтай хүнтэй хамт амьдарч буй давхар хамааралд өртсөн гэр бүлийн гишүүдийг хэвтүүлэн эмчлүүлэхээр болсон байна. 

Тухайлбал, тус эмнэлгийн 1 палатыг ХУД-ийн өрөө, палат болгон тухайн дүүргээс эмчлүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчдийг хэвтүүлж байх, мөн албадан эмчилгээнд явсан иргэдийг цагдаагийн хэсгийн алба хаагчид эмнэлгээс гарсан даруйд нь ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, давхар ДЭМТ-ийн наркологийн эмчийн хяналтанд оруулж байх, батжуулах эмчилгээнд хамруулах, дахилтаас сэргийлэх эмчилгээг Наркологийн эмнэлэгт хийх, нийгэм хамт олонд тулгуурласан сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээ болон дэмжин туслах бүлгүүдэд хамруулж, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд хороо, Өрхийн эрүүл мэндийн төвийнхэнтэй хамтран ажиллахаар боллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

14
17903
123776
4189597

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc