Хан-Уул
Мэдээлэл

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Дугаар 96

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 340 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журам”-д дор дурдсан агуулгатай 4.13, 4.14 дэх заалтыг тус тус нэмсүгэй:

      4.13. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах хугацаанд эхэд түүний ажил олгогчоос хөдөлмөрийн хөлс (түүнтэй адилтгах орлого) олгосон нь энэ журмын 3.9-д заасан мэдээллийн санд бүртгэгдсэн тохиолдолд тухайн орлогын талаарх ажил олгогчийн тодорхойлолтыг хянан үзэж, тэтгэмжийг нөхөн олгох эсэхийг шийдвэрлэнэ.

      4.14. Нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамрагдах хугацаанд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг эхэд давхардуулан олгохгүй.

2. Мөн журмын 4.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

      4.3. Тэтгэмжийг иргэний хүсэлт гаргасан өдрөөс эхлэн олгох бөгөөд энэ журмын 5.1-д зааснаар эрх дуусгавар болох хугацааг дараахь байдлаар тооцно:

          4.3.1. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа эх нь хүүхдээ    3 нас хүрэхээс өмнө ажилдаа орсон тохиолдолд тухайн сарыг дуустал хугацаанд, бусад тохиолдолд эрх дуусгавар болсон өдөр хүртэлх хугацаанд олгоно;

          4.3.2. жирэмсэн эхийн тэтгэмжийг энэ журмын 5.1.3-т заасан тохиолдолд тухайн сарыг дуустал, бусад тохиолдолд эрх дуусгавар болсон өдөр хүртэлх хугацаанд олгоно;

          4.3.3. ихэр хүүхдийн тэтгэмж ба гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг эрх дуусгавар болсон өдөр хүртэлх хугацаанд олгоно.

3. Мөн журмын 2.2.2.6 дахь дэд заалтын “тушаал” гэсний дараа “эсхүл тодорхойлолт” гэж, 2.2.4.3 дахь дэд заалтын “хуулбарын хамт” гэсний дараа”, хэрэв гэрлэлт цуцлуулсан бол гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, гэрлэж байгаагүй бол гэрлэсэн эсэх лавлагаа” гэж, 3.9 дэх заалтын “эхчүүдийн мэдээллийг” гэсний өмнө” жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авч байгаа” гэж тус тус нэмсүгэй.

4. Энэ тогтоолыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.